Танилцуулга

Үйлчилгээ аж ахуй

 Үйлчилгээ аж ахуй  Үйлчилгээ аж ахуй  Үйлчилгээ аж ахуй

Көүч /хүний өөрийн дотоод нөөц бололцоог нээн чиглүүлэгч, дасгалжуулагч/ Н.Энхсайхантай мэргэжил сонголтын талаар ярилцлаа. Тэрээр Монголын болон гаднын улсад хийгдсэн мэргэжил сонголттой холбоотой сүүлийн үеийн судалгаа, мэдээлэл, зөвлөгөөг багцалсан  “Ирээдүйд үнэтэй мэргэжлүүд-Чиний сонголт” нэртэй номоо энэ сард уншигчдын хүртээл болгохоор бэлдэж буй юм.

Бид хүүхдүүдийн мэргэжлээ сонгохдоо гаргадаг түгээмэл алдаа, эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хэрхэн ойлголцож зөвлөх ёстой, ирээдүйн чиг хандлагаа хаашаа зүглэж байгаа зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцсан юм.

КОД БИЧИХ, ГАДААД ХЭЛ СУРАХ, ГАГНУУР ХИЙЖ СУРАХ УР ЧАДВАРЫГ ЯМАР НЭГЭН АКАДЕМИК ХӨТӨЛБӨРӨӨР СУРЧ БОЛНО. ХАРИН МЭДРЭМЖИЙН УР ЧАДВАРЫГ ТЭГЖ СУРЧ ЧАДАХГҮЙ

-Мэргэжлээ буруу сонгох нь ямар уршигтай вэ?
-ЭЕШ-ынхаа оноонд тааруулаад эсвэл ээж, аавынхаа хүслээр мэргэжлээ сонгосон хүүхдүүд ажлын байранд гараад миний мэргэжил биш юм байна гэдэг. Мөн хүүхдийг хүн байх гэдэгт анхаарч сургаагүйн улмаас нийгэмд биеэ зөв авч явах, олон нийттэй харилцах, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх зэрэг дотоод мэдрэмжийн ур чадварын дутмагаас болоод ажлаас их гардаг нь судалгаагаар ажиглагдсан.

Сүүлийн үеийн хүүхдүүд тогтвортой ажиллах сонирхолгүй, ачаалал даах чадвар муутай, хариуцлага хүлээх чадвар сул байгаа нь ажиглагдаж байна. Код бичих, гадаад хэл сурах, гагнуур хийж сурах ур чадварыг ямар нэгэн академик хөтөлбөрөөр сурч болно. Харин мэдрэмжийн ур чадварыг тэгж сурч чадахгүй. Үүнийг эхнээс нь цэгцтэй сургахад эцэг эхийн нөлөө чухал. Одооны хүүхдүүд цаг үеэ дагаад өөрийнхөө тоглодог шиг тоглоом хөгжүүлэхийг, компьютерын программ бүтээх хүсэл мөрөөдөлтэй болж байна. Харин тэд хуучны арга барилтай эцэг, эх, багш нарын нөлөөгөөр устаж, үгүй болох гэж буй мэргэжлийг сонгох магадлал өндөр байна.

Дэлхийн эдийн засгийн форумаас 2030 он гэхэд үгүй болох мэргэжлийн жагсаалтыг гаргасан. Банкны теллер ажлыг киоск машин хийж байна. Аяллын хөтөчгүйгээр зөвхөн гар утасны аппликэйшн татаад аялж байна. Хүний гараар хийдэг ажлууд автомат руу шилжиж байна.

Хүүхэд гоё харагдсан юмандаа л татагддаг. Тиймээс эцэг, эх, багш нар хүүхэдтэйгээ хамтарч ажиллах нь чухал. Өөрчилж болдоггүй, сургуульд сураад олж авч чаддаггүй хэд хэдэн ур чадвар байдаг. Үүнд тогтвортой ажиллах, хүний үг сонсох, хүнтэй харилцах, гомдлохгүй ажлаа хийж чаддаг байх, тууштай байх зэрэг багтана. Эдгээрийг хүүхдэд багаас нь сургах хэрэгтэй. Ажлаас гарах хамгийн том шалтгааны нэг нь тогтвортой ажиллаж чадахгүй байх юм.


Copyrights © 2021
school84.mgl@gmail.com · 7015 0284 ·